Эхлэл Мэдээ Нефтийн бүтээгдэхүүн импортлогчид шатахуун нөөцлөх хөрөнгийн эх үүсвэр, сав суулгаар гачигддаг
Нефтийн бүтээгдэхүүн импортлогчид шатахуун нөөцлөх хөрөнгийн эх үүсвэр, сав суулгаар гачигддаг

Манай улсын нефть импортлогч томоохон компаниудын шатахууны нөөц ямар байгааг тодруулахаар “Петровис”, “Магнай трейд” зэрэг шатахуун импорлогч томоохон компаниудын маркетингийн албаны холбогдох хүмүүстэй холбогдсон боловч бизнесийн нууц буюу компанийн дотоод асуудал гэдэг утгаар тодорхой хариулт өгөхөөс татгалзсан юм. Харин “Сод Монгол” группын Маркетингийн албаны менежер Ц.Пүрэвринчин бидэнд дараахь мэдээллийг өгсөн юм.

- Танай компани өнөөдрийн байдлаар бензин шатахууны хэд хоногийн нөөцтэй байна вэ?

- Ерөнхийдөө 10 хоногийн нөөцийг тогтмол барьж байгаа. Манайх ОХУ-ын “Роснефть” компаниас бүх төрлийн бензин шатахуунаа авдаг. Өөрийн компанийн хэрэгцээнээс гадна 10 мянган тонн нефтийн бүтээгдэхүүн нөөцөлж байгаа гэсэн үг.

- “Роснефть”-ийнхэн импортлогчдоор дамжуулахгүй өөрсдөө Монголын нутаг дэвсгэр дээр 100 шатахуун түгээх станц байрлуулах санал тавьж байгаа гэсэн. Үүнийг дотоодын импортлогч компаниуд хэрхэн хүлээж авч байна вэ?

- Эхний үед хямд үнээр бензин шатахуунаа оруулж ирэх л байх. Яваандаа давуу байдлаа ашиглаж монополь эрхтэй болчих юм бол бид нэг газраас хараат болж үнэ ханшийг барьж чадахгүйд хүрэх байх.

- Танайх 10 хоногоос илүү нөөцтэй байх боломжгүй юу. Сав суулга нь хэр хүрэлцээтэй байдаг юм бэ?

- Түүнээс олон хоногийн нөөц төвлөрүүлнэ гэдэг хүнд асуудал л даа. Олон янзын хүчин зүйл нөлөөлнө. Тухайлбал, манай компани боломж байвал 20 хоногийн нөөц төвлөрүүлэх сав байна. Гэхдээ үүнд багагүй хэмжээний бэлэн мөнгөний эргэлт шаардлагатай гээд асуудал багагүй байдаг юм.