Главная страница Новости Манай улс нүүрснээс шатахуун үйлдвэрлэхээр болов
Манай улс нүүрснээс шатахуун үйлдвэрлэхээр болов
-Багануурын уурхай нүүрснээс тээврийн хэрэгслийн шатахуун түлш гарган авах төсөл боловсруулжээ-

Багануурын уурхай нүүрс шин­гэрүүлж нефтийн бүтээг­дэхүүн үйлд­вэрлэхээр зэхэж байна. Бүх юмны үнэ нэмэг­дэх шалтгаан бол­дог шата­хууныг дотооддоо үйлд­вэр­лэх нь цаг үеэ олсон, зайлш­гүй хийгдэх шинэ дэвшилтэт техно­логи юм. Нүүрсийг зөв­хөн зууханд шатааж хар утаа болгоод замх­руулдаг хоц­рогдсон ойлголтоосоо мон­голчууд бид салах цаг хэ­дийнэ иржээ.

Засгийн газраас бодлогын хэм­жээнд анхаарч энэ 2008, 2009 онд нүүрснээс шатахуун үйлдвэрлэх, газрын тосны үйлдвэр байгуулахыг дэмжиж байгаа билээ. Манай улсын дотоодын эрчим хүчийг хан­гах гол цөм хот болох Бага­нуурын уурхай­гаас хийсэн сур­валжлагаа толи­луулъя.

Монгол Улс жилдээ сая тонн шатахуун Үйлдвэрлэнэ
"Багануур" ХК-ийн Техникийн асуудал эрхэлсэн дэд захирал Б.Гантулгатай уулзаж ярилцлаа.

-Нүүрснээс шатахуун үйлдвэрлэх шинэ техно­логи нэвтрүүлж байгаа гэв үү?

-Нүүрсийг зөвхөн Дулаа­ны цахил­гаан станцын зуу­ханд түлж эрчим хүчний зо­риулалтаар ашигладаг гэдэг ойлголт байсан. Дэлхий ний­тэд нефтийн хомсдол үүсч байна. Энэ үед нүүрснээс шингэн түлш нефтийн бүтээг­дэхүүн үйлдвэрлэх зайлшгүй шаардлага олон улсын хэм­жээнд яригдаж эхэллээ. Ма­най улс үүнээс хоцрох ёсгүй юм. Багануурын уурхайн хүрэн нүүрсийг гадны бай­гууллагын лабораториудад туршилт хийж дотооддоо шин­гэн түлш болон зарим химийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх бо­ломжтой гэсэн үр дүн гар­сан. Дэлхийн зах зээлд газ­рын тосны үнэ нэмэгдэж байгаа үед зайлшгүй нүүрс рүү орох шаардлага бидний өмнө тулгарсан. Бидний тур­шилтаар ОХУ-ын үйлдвэрийн технологиор нүүрсийг шин­гэрүүлж хагас кокс гаргаж тэндээсээ хийг нь дулааны маягаар ашиглах, эрчим хүч үйлдвэрлэх боломжтой. Мөн шингэн түлш, нефтийг гадны улс орноос хамгийн өндөр турш­лагатай Германы техно­логийг ашиглаж байна. Хэрвээ бид шингэн түлшийг гаргаж эхэлбэл манай уурхайн хүчин чадал нэмэгдэнэ. Германы талаас жилдээ 20 сая тонн нүүрс гаргах боломжийн са­на­лыг тавьж байна лээ. Энэ нь жилдээ сая тонн шингэн түлш гаргах яриа юм. Нефть гаднаас импортолдог манай улсын хувьд дээрх тоо маш боломжийн. Гэхдээ энэ бүхэн одоогоор судалгааны түв­шинд, үйлдвэр барих тоо­цоонд суурилагдаж явна. Засгийн газар болон Их ху­ралд төслөө өргөн барьсан. Хамгийн гол нь бодлогын хувьд дэмжлэг хэрэгтэй. Ма­най төслийг дэмжихээр гад­ны хөрөнгө оруулагчид санал тавьж байгаа.

-Бусад орны туршлага ямар бай­даг юм бэ?

-Германд дэлхийн II дай­ны үед хэрэглэж байсан юм билээ. Нүүрснээс гаргаж авсан нефтийн бүтээг­дэ­хүү­нээрээ байлдааны тоног төхөөрөмжөө ажиллуулж бай­сан. Тухайн үедээ нефть газрын тосны үнэ хямд бай­сан тул үүнийг зогсоочихсон. Одоо нефтийн өртөг өндөр байгаа учраас нүүрснээс нефть гаргаж авах технологи нь хамаагүй хямд тусч байгаа учраас гадны бүх улс орон үүн рүү анхаарлаа хандуу­лаад эхэллээ. БНХАУ гэхэд нефть гаргаж авах хоёр ч том үйлдвэр барьсан гэсэн.

-Гадны улс оронд нүүр­сэнд ач холбогдол өгөөд эхэлжээ. Шинэ технологи нэвтрүүлэхээр зэхэж буй Багануурын уурхайн хүчин чадал байгууламж, нөө­цийн хувьд хэр хангалттай бэлтгэгдсэн вэ?

-Багануурын уурхай 1978 онд бай­гуулагдсан. 1995 онд хувьцаат компани болж одоо 75 хувь нь төрийн мэдэлд, 25 хувь нь хувьцаа эзэмшигч буюу "МАК" компанийн мэ­дэлд байдаг. Тогтоосноор нийт 600 сая тонн нүүрсний нөөц­тэй. Байгуулагдсан 30 жилийн хугацаанд 70-аад сая тонныг нь ашигласан. Цаашдаа 100-гаад жилийн нөөц үлдэж байна гэсэн үг. Жилдээ гурван сая тонн нүүрс гаргадаг. Манайх Монгол Улсын нүүрс­ний 40 хувийг, Улаанбаатар хотын дулааны цахилгаан станцуу­дын 60 гаруй хувийг хангадаг. Сүүлийн хоёр жилд Эрдэнэт, Дарханы дулааны станцууд манайхаас нүүрс авч байна. Бид судал­гаа хийж нөөцөө цааш нь үргэлжлүүлэн тог­тоох ёстой.

-Төр засгаас нүүрсний үнийг чө­лөөлөхгүй хүчээр барьж байгаагаас дампуу­рах хаяанд туллаа гэж уур­хайчид жагсаж тэмцсээр байгаа. Танай уурхайд энэ байдал хэр хүнд тусч байна вэ?

-Улс орны хэмжээнд нүүрс­ний хэрэг­цээ, зах зээл өдрөөс өдөрт өөрчлөгдөж байна. Нүүрсийг ашигт малт­мал гэдэг талаас нь ойлгох хэрэгтэй. Эрчим хүч талаа­саа зууханд шатаадаг байсан нь хоцрогдсон ойлголт. Дэл­хийн зах зээлд нүүрсний үнэ их өндөр байгаа. Нүүрс­нээс гаргаж байгаа бүтээг­дэ­хүүн­тэй харьцуулахад манайх хамаагүй доогуур үнээр нүүр­сээ өгдөг. Гэтэл бидний өдөр тутмын үйл ажиллагаанд өндөр үнэ бүхий тоног төхөө­рөмж, нефтийн бүтээгдэ­хүүний өсөлт, ард түмний өргөн хэ­рэглээний барааны үнийн өсөлт бидний нурууг дарж байхад ганцхан хөлс хүчээ дуслуулан гаргадаг бидний бүтээг­дэхүүний үнэ нэмэгддэггүй. Нэг кг нүүрс хайрцаг шүдэнзнээс хямдхан байна. Цаашдаа нүүрсний үнийг чөлөөлөх нь зүйтэй гэж би хувьдаа боддог. Улсын хэмжээний орлогыг бүрдүүл­дэг ашигт малтмал, баялаг үйлдвэрлэдэг салбарыг төр засаг анхааралдаа авч дор­витой бодлого гаргах нь зүй­тэй. Сургаж мэр­гэшүүлэх тал дээр ч туслалцаа дэмжлэг үгүйлэгдэж байна.

-Багануурын уурхай бол үйл ажиллагаа нь тогт­воржсон маш том компани. Туршлагатай гар нийлсэн хамт олон?

-"Багануур" ХХК 1129 ажил­чинтай. Нийт ажилчдын 13 хувь нь инженер, техни­кийн мэргэжилтэн. Багануу­рын орд газарт түшиглэсэн бүтээгдэхүүн үйлд­вэрлэх боломжийн судалгааг олон жилийн турш боловсруулсан.

-Экологийн цэвэр түлш, эрчим хүчний цогцолбор бай­гуулах

-Нүүрс шингэрүүлж неф­тийн бү­тээгдэхүүн үйлдвэр­лэх хоёр салбарт ажил хийх хэрэгтэй байна. Багануурын уур­хайн хүрэн нүүрсийг бай­галь орчинд ээлтэй, цэвэр технологиор бүрэн боловс­руулан ОХУ-ын технологиор үйлд­вэрлэлийн туршилт явуул­сан. Бага­нуурын хүрэн нүүрсэнд боловсруулалт хийж хагас кокс, нүүрстөрөг­чийн ад­сорбент "шингээгч", дулааны эрчим хүч, цахил­гааны эрчим хүч, ахуйн утаа­гүй түлш болон шахмал түлш, карбюризатор "нүүрс төрөгчжүүлэгч" бүтээгдэхүүн гаргах боломжтой.

-Нүүрснээс шатахуун гаргаж авах технологийг товчхон тайлбарлаж өгнө үү?

-"Багануур" ХК нь нүүрс­нээс тээв­рийн хэрэгслийн шатахуун түлш гарган авах төслийн судалгааны ажил дээр Герман улстай хамтран ажиллаж байна. Уг үйлдвэр ашиглалтад орсноор уурхайн жилийн борлуулалт 20 сая тонн нүүрс болж нэмэгдэн хоёр сая тонн түлш үйлдвэр­лэх юм. Энэхүү үйлдвэр нь нэг баррель шатахууныг 37 ам.долларын өртөгтэй үйлд­вэрлэх бөгөөд ирэх 30 жилийн турш нэг баррель газрын тосны үнэ 80 ам.доллар бай­на гэсэн эерэг тооцоолол гарч байна. Мөн үйлдвэр ашиглал­тад орсноор 1600 хүний аж­лын байр бий болно.

-Манай улсын хөгжилд хэрэгтэй энэхүү ажлыг явуу­лахад танай ком­панид тулгарч буй саад бэрхшээл юу байна?

-Нүүрс боловсруулалтын үйлдвэр байгуулах төслийн саналыг Засгийн газар, Их хуралд оруулсан. Олон ул­сын хэмжээнд яригдаж бай­гаа нүүрснээс шатахуун үйлд­вэрлэх технологийг хэ­зээ нэгэн цагт нэвтрүүлэх нь зайлшгүй юм. Цаг хожих хэ­рэгтэй. Манай Багануурын уурхайн ойрын хугацаанд тулгамдаж байгаа асуудал бол Дулааны цахилгаан стан­цууд өрийн асуудлаа бараг­дуулмаар байна. Одоогоор 7-8 тэрбум төгрөгийн өр үүссэн. Манайх өнгөрсөн хугацаанд Дэлхийн банкнаас зээл авч хөтөлбөр хэрэгжүүлсэн. Ту­хайн үед Засгийн газар нүүрс­ний үнийг үе шатлалтайгаар нэмнэ гэж байсан ч ард түм­ний амьжиргаа байдлаас шалт­гаалаад нэмээгүй орхи­сон. Нүүрсний үнэ нэмээгүй­гээс 20 гаруй тэрбум төгрө­гийн алдагдал хүлээсэн. Ма­най компанийн техникийн насжилт өндөр болсон. Бид засвар үйлчилгээ сэлбэг хэрэгсэл авч, шинэчилмээр байна. Мөнгөний бололцоо­гоо­соо шалт­гаалж нэн хэ­рэгтэй хүнд даацын маши­наа ч нэмж авч чадахгүй сууна. Уурхайн гүнзгийрэлт өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа уч­раас мөргөцгийн догол авах технологид бага хэмжээгээр хүндрэл гарч ирж байгаа. Тиймээс тоног тө­хөөрөм­жийнхөө хүчин чадал баазыг нэмэх хэрэгтэй байна. Энэ талаар Төлөөлөн удирдах зөвлөлөөс олон холбогдох газар, яамдад саналаа тавь­чихаад хүлээж байна.

Багануур дүүргийн Засаг дарга Д.Эрдэнэбатаас тодрууллаа.



-Нүүрснээс шатахуун үйлдвэрлэх технологи манай улсад анх удаагаа нэвтрэх гэж байна. Энэ дэвшилтэт ажлыг дүүргийн засаг захиргаа хэр­хэн дэмжиж байгаа вэ?

-Багануурын уурхай Багануур дүү­рэгтэй нэг амьтай газар. Дүүргийн нутгийн захиргаа, удирдлага Багануурын уур­хайтай хамтын ажиллагаатай, нэг зо­рилгын төлөө явах нь зайлшгүй юм. Сүүлийн үед уурхай руу чиглэсэн олон ажил хийж эхлээд байна. Үүний нэг нь дотоодын эрчим хүчийг Багануурын уурхай бүрэн хангах тухай асуудал. Дотоодыг эрчим хүчийг хангах нь зөвхөн Багануурын төдий асуудал биш. Монгол Улсын хэтийн хөгжлийн тухай асуудал юм. Эрчим хүчний найдвартай, хямд төсөр үнээр хангах, Улаанбаатар хотын экологид сайн нөлөөлөл үзүүлэх ажлын эхлэл тавигдлаа. Улаанбаатарыг эрчим хүчээр хангах ирээдүй Багануурт төв­лөрч байгаа гэдэгтэй олон хүн санал нэгдэх байх. Тиймээс агаарын бохирдол, түлш шатахууны үнийн өсөлтөөс салъя гэвэл Багануурын уурхайд түшиглэсэн нүүрс боловсруулах үйлдвэр, уур­хайчдын боловсруулаад байгаа төслийг хурдан анхааралдаа авч үзэн шийдвэр гаргах нь цаг үеийн тулгамдсан асуудал.

Үүнийг шийдсэнээрээ шингэн түл­шээр хангах, нүүрснээс шатахуун үйлд­вэрлэх боломж бүрэн нээгдэнэ.

Ойрын хоёр жилд нүүрснээс байга­лийн хий гаргах бололцоо бүрдэнэ. Дулааны цахилгаан станцууд нүүрс шатаах биш, Улаанбаатар руу хийг татан оруулах нөхцөл бололцоог бүрдүүлвэл агаарын бохирдлыг үндсэндээ шийд­вэрлэнэ.

-Улс орны хөгжилд түлхэц болох томоохон ажлыг Бага­нуур бие даан шийдвэрлэж хийж эхэлсэн нь сай­шаалтай юм?

-Багануурын уурхай илэрсэн нөө­цөөрөө ч тэр нүүрс боловсруулах үйлдвэр бай­гуулахад хамгийн тохиромж­той газар. Дэд бүтцийн хөгжил, Нийслэл Улаан­баа­тар хотыг эрчим хүчээр хангаж байгаа­гийн хувьд Багануурт энэ асуудал төв­лөр­сөн. Харин өнөөдөр дулааны тав дахь эх үүсвэр цахилгаан станц барих тухай яриа маш буруу юм.

-Цахилгаан станц нэмж барихгүй бол дулаан, цахилгааны хомсдолд орж магадгүй гэж сэрэмжилж байгаа байх л даа?

-Зуух руу нүүрс шатаахад хэдий хэм­жээний утаа, үнс гарч байгааг тооцох юм бол маш их тоо гарна. Үүн дээр нэмэгдээд да­хиад тав дахь дулааны цахилгаан станц бай­гуулна гэдэг бол байж болшгүй гэж би ойлгодог.

Түүн дор орвол Багануурт Монгол Улсын нүүрсний салбарын хөгжлийн чиг ханд­­лагыг тодорхойлогч байх төслийг хэ­рэг­жүүлж Улаанбаатар руу хийн хоолой та­­тах нь улс эх орны ирээдүйд хамгийн ашигтай байх болно. Ийм зо­ригтой өөрч­лөлт рүү бид явах ёстой.

Явцуу, бизнес хөрөнгө оруулалтад ба­ригдсан арга барилаас салах ёстой гэдэг зарч­мыг Багануурынхан барьж байгаа. Үйл ажиллагаа нь жигд явж байгаа ашиглаж байгаа үйлдвэрүүдийн ирээдүйн чиг хандлагыг найдвартай авч үзэхгүй бол зөв­хөн цаг үеэ аргацаасан шийдвэр цааш­даа хол явахгүй. Улаанбаатарт дулаан ца­хилгааны эх үүсвэр хангалтгүй байгаа юу гэвэл магадгүй байж болно. Гэхдээ энүү­хэн орчны асуудлыг гал унтраах мая­гаар шийдвэрлэх хэрэггүй. Тав дахь эх үүсвэрийг Улаанбаатарт барих нь буруу шийдвэр гэж үзэж байна. Бид Монгол Ул­сын ирээдүйд хэрэгтэй том төсөл рүү явах ёстой. Иргэдийн эрүүл мэнд, амьд явах орчинг бүрдүү­лэхэд том нөлөө үзүү­лэх бодлогын шийдвэр рүү явах цаг болсон.

-Шатахуун үйлдвэрлэх ажлыг эх­лүү­лэхэд бэрхшээлтэй тулгарч байна уу?

-Төсөл боловсруулагч, гадны мэр­гэжилтнүүд ирж шинэ технологийг нэвт­рүү­лэхэд тусалъя, дэмжье гэж байна. Бид хэ­дийгээр энд ажлаа явуулж манай улсад хэ­­рэгтэй ажлаа хийе гээд дээшээ уламж­­ла­хад бүдгэрдэг. Ялангуяа яам, там­гын газруудад очоод асуудал бүдгэр­дэг. Би энэ яам, тамгын газруудыг ямар бод­лого явуулаад байгааг ойлгодоггүй. Эко­логи, эдийн засгийн өндөр ач хол­бог­долтой төсөл хэрэгжүүлье гэж яри­хынхаа оронд нүүрс шатаах зуухны тухай ярьж бай­гаа дарга нарыг ойлгохгүй байна. Агуулга нь зөв ч агаарын бохирдол буу­руулах тухай төслүүд байдаг. Гэтэл үүний хажууд эрчим хүчний найдвартай эх үүс­вэрийг хангахын зэрэгцээ давхар агаарын бохирдлыг шийдвэрлэх тухай л яриад байна. Шингэн түлш, шатахууны өсөлтийг харж байгаа өнөө үед бид юунд эхлээд, ашигтай хөрөнгө оруулалт хийх вэ гэдэг гарцан дээр зогсч байна.

Нарийн яривал Таван толгой, Оюу тол­гой хоёроос илүү Монгол Улсын иргэдийнхээ эрүүл ахуйг хамгаалах төсөл өнөөдрийн тулгамдсан асуудал юм шүү. Бэлэн байгаа уурхай дээрээ түшиглэж нүүрс боловсруулах үйлдвэр байгуулах нь зүйтэй.