Манай улс нүүрснээс шатахуун үйлдвэрлэхээр болов |
![]() Багануурын уурхай нүүрс шингэрүүлж нефтийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр зэхэж байна. Бүх юмны үнэ нэмэгдэх шалтгаан болдог шатахууныг дотооддоо үйлдвэрлэх нь цаг үеэ олсон, зайлшгүй хийгдэх шинэ дэвшилтэт технологи юм. Нүүрсийг зөвхөн зууханд шатааж хар утаа болгоод замхруулдаг хоцрогдсон ойлголтоосоо монголчууд бид салах цаг хэдийнэ иржээ. Засгийн газраас бодлогын хэмжээнд анхаарч энэ 2008, 2009 онд нүүрснээс шатахуун үйлдвэрлэх, газрын тосны үйлдвэр байгуулахыг дэмжиж байгаа билээ. Манай улсын дотоодын эрчим хүчийг хангах гол цөм хот болох Багануурын уурхайгаас хийсэн сурвалжлагаа толилуулъя. Монгол Улс жилдээ сая тонн шатахуун Үйлдвэрлэнэ "Багануур" ХК-ийн Техникийн асуудал эрхэлсэн дэд захирал Б.Гантулгатай уулзаж ярилцлаа. -Нүүрснээс шатахуун үйлдвэрлэх шинэ технологи нэвтрүүлж байгаа гэв үү? -Нүүрсийг зөвхөн Дулааны цахилгаан станцын зууханд түлж эрчим хүчний зориулалтаар ашигладаг гэдэг ойлголт байсан. Дэлхий нийтэд нефтийн хомсдол үүсч байна. Энэ үед нүүрснээс шингэн түлш нефтийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зайлшгүй шаардлага олон улсын хэмжээнд яригдаж эхэллээ. Манай улс үүнээс хоцрох ёсгүй юм. Багануурын уурхайн хүрэн нүүрсийг гадны байгууллагын лабораториудад туршилт хийж дотооддоо шингэн түлш болон зарим химийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой гэсэн үр дүн гарсан. Дэлхийн зах зээлд газрын тосны үнэ нэмэгдэж байгаа үед зайлшгүй нүүрс рүү орох шаардлага бидний өмнө тулгарсан. Бидний туршилтаар ОХУ-ын үйлдвэрийн технологиор нүүрсийг шингэрүүлж хагас кокс гаргаж тэндээсээ хийг нь дулааны маягаар ашиглах, эрчим хүч үйлдвэрлэх боломжтой. Мөн шингэн түлш, нефтийг гадны улс орноос хамгийн өндөр туршлагатай Германы технологийг ашиглаж байна. Хэрвээ бид шингэн түлшийг гаргаж эхэлбэл манай уурхайн хүчин чадал нэмэгдэнэ. Германы талаас жилдээ 20 сая тонн нүүрс гаргах боломжийн саналыг тавьж байна лээ. Энэ нь жилдээ сая тонн шингэн түлш гаргах яриа юм. Нефть гаднаас импортолдог манай улсын хувьд дээрх тоо маш боломжийн. Гэхдээ энэ бүхэн одоогоор судалгааны түвшинд, үйлдвэр барих тооцоонд суурилагдаж явна. Засгийн газар болон Их хуралд төслөө өргөн барьсан. Хамгийн гол нь бодлогын хувьд дэмжлэг хэрэгтэй. Манай төслийг дэмжихээр гадны хөрөнгө оруулагчид санал тавьж байгаа. -Бусад орны туршлага ямар байдаг юм бэ? -Германд дэлхийн II дайны үед хэрэглэж байсан юм билээ. Нүүрснээс гаргаж авсан нефтийн бүтээгдэхүүнээрээ байлдааны тоног төхөөрөмжөө ажиллуулж байсан. Тухайн үедээ нефть газрын тосны үнэ хямд байсан тул үүнийг зогсоочихсон. Одоо нефтийн өртөг өндөр байгаа учраас нүүрснээс нефть гаргаж авах технологи нь хамаагүй хямд тусч байгаа учраас гадны бүх улс орон үүн рүү анхаарлаа хандуулаад эхэллээ. БНХАУ гэхэд нефть гаргаж авах хоёр ч том үйлдвэр барьсан гэсэн. -Гадны улс оронд нүүрсэнд ач холбогдол өгөөд эхэлжээ. Шинэ технологи нэвтрүүлэхээр зэхэж буй Багануурын уурхайн хүчин чадал байгууламж, нөөцийн хувьд хэр хангалттай бэлтгэгдсэн вэ? -Багануурын уурхай 1978 онд байгуулагдсан. 1995 онд хувьцаат компани болж одоо 75 хувь нь төрийн мэдэлд, 25 хувь нь хувьцаа эзэмшигч буюу "МАК" компанийн мэдэлд байдаг. Тогтоосноор нийт 600 сая тонн нүүрсний нөөцтэй. Байгуулагдсан 30 жилийн хугацаанд 70-аад сая тонныг нь ашигласан. Цаашдаа 100-гаад жилийн нөөц үлдэж байна гэсэн үг. Жилдээ гурван сая тонн нүүрс гаргадаг. Манайх Монгол Улсын нүүрсний 40 хувийг, Улаанбаатар хотын дулааны цахилгаан станцуудын 60 гаруй хувийг хангадаг. Сүүлийн хоёр жилд Эрдэнэт, Дарханы дулааны станцууд манайхаас нүүрс авч байна. Бид судалгаа хийж нөөцөө цааш нь үргэлжлүүлэн тогтоох ёстой. -Төр засгаас нүүрсний үнийг чөлөөлөхгүй хүчээр барьж байгаагаас дампуурах хаяанд туллаа гэж уурхайчид жагсаж тэмцсээр байгаа. Танай уурхайд энэ байдал хэр хүнд тусч байна вэ? -Улс орны хэмжээнд нүүрсний хэрэгцээ, зах зээл өдрөөс өдөрт өөрчлөгдөж байна. Нүүрсийг ашигт малтмал гэдэг талаас нь ойлгох хэрэгтэй. Эрчим хүч талаасаа зууханд шатаадаг байсан нь хоцрогдсон ойлголт. Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ их өндөр байгаа. Нүүрснээс гаргаж байгаа бүтээгдэхүүнтэй харьцуулахад манайх хамаагүй доогуур үнээр нүүрсээ өгдөг. Гэтэл бидний өдөр тутмын үйл ажиллагаанд өндөр үнэ бүхий тоног төхөөрөмж, нефтийн бүтээгдэхүүний өсөлт, ард түмний өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт бидний нурууг дарж байхад ганцхан хөлс хүчээ дуслуулан гаргадаг бидний бүтээгдэхүүний үнэ нэмэгддэггүй. Нэг кг нүүрс хайрцаг шүдэнзнээс хямдхан байна. Цаашдаа нүүрсний үнийг чөлөөлөх нь зүйтэй гэж би хувьдаа боддог. Улсын хэмжээний орлогыг бүрдүүлдэг ашигт малтмал, баялаг үйлдвэрлэдэг салбарыг төр засаг анхааралдаа авч дорвитой бодлого гаргах нь зүйтэй. Сургаж мэргэшүүлэх тал дээр ч туслалцаа дэмжлэг үгүйлэгдэж байна. -Багануурын уурхай бол үйл ажиллагаа нь тогтворжсон маш том компани. Туршлагатай гар нийлсэн хамт олон? -"Багануур" ХХК 1129 ажилчинтай. Нийт ажилчдын 13 хувь нь инженер, техникийн мэргэжилтэн. Багануурын орд газарт түшиглэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжийн судалгааг олон жилийн турш боловсруулсан. -Экологийн цэвэр түлш, эрчим хүчний цогцолбор байгуулах -Нүүрс шингэрүүлж нефтийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хоёр салбарт ажил хийх хэрэгтэй байна. Багануурын уурхайн хүрэн нүүрсийг байгаль орчинд ээлтэй, цэвэр технологиор бүрэн боловсруулан ОХУ-ын технологиор үйлдвэрлэлийн туршилт явуулсан. Багануурын хүрэн нүүрсэнд боловсруулалт хийж хагас кокс, нүүрстөрөгчийн адсорбент "шингээгч", дулааны эрчим хүч, цахилгааны эрчим хүч, ахуйн утаагүй түлш болон шахмал түлш, карбюризатор "нүүрс төрөгчжүүлэгч" бүтээгдэхүүн гаргах боломжтой. -Нүүрснээс шатахуун гаргаж авах технологийг товчхон тайлбарлаж өгнө үү? -"Багануур" ХК нь нүүрснээс тээврийн хэрэгслийн шатахуун түлш гарган авах төслийн судалгааны ажил дээр Герман улстай хамтран ажиллаж байна. Уг үйлдвэр ашиглалтад орсноор уурхайн жилийн борлуулалт 20 сая тонн нүүрс болж нэмэгдэн хоёр сая тонн түлш үйлдвэрлэх юм. Энэхүү үйлдвэр нь нэг баррель шатахууныг 37 ам.долларын өртөгтэй үйлдвэрлэх бөгөөд ирэх 30 жилийн турш нэг баррель газрын тосны үнэ 80 ам.доллар байна гэсэн эерэг тооцоолол гарч байна. Мөн үйлдвэр ашиглалтад орсноор 1600 хүний ажлын байр бий болно. -Манай улсын хөгжилд хэрэгтэй энэхүү ажлыг явуулахад танай компанид тулгарч буй саад бэрхшээл юу байна? -Нүүрс боловсруулалтын үйлдвэр байгуулах төслийн саналыг Засгийн газар, Их хуралд оруулсан. Олон улсын хэмжээнд яригдаж байгаа нүүрснээс шатахуун үйлдвэрлэх технологийг хэзээ нэгэн цагт нэвтрүүлэх нь зайлшгүй юм. Цаг хожих хэрэгтэй. Манай Багануурын уурхайн ойрын хугацаанд тулгамдаж байгаа асуудал бол Дулааны цахилгаан станцууд өрийн асуудлаа барагдуулмаар байна. Одоогоор 7-8 тэрбум төгрөгийн өр үүссэн. Манайх өнгөрсөн хугацаанд Дэлхийн банкнаас зээл авч хөтөлбөр хэрэгжүүлсэн. Тухайн үед Засгийн газар нүүрсний үнийг үе шатлалтайгаар нэмнэ гэж байсан ч ард түмний амьжиргаа байдлаас шалтгаалаад нэмээгүй орхисон. Нүүрсний үнэ нэмээгүйгээс 20 гаруй тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн. Манай компанийн техникийн насжилт өндөр болсон. Бид засвар үйлчилгээ сэлбэг хэрэгсэл авч, шинэчилмээр байна. Мөнгөний бололцоогоосоо шалтгаалж нэн хэрэгтэй хүнд даацын машинаа ч нэмж авч чадахгүй сууна. Уурхайн гүнзгийрэлт өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа учраас мөргөцгийн догол авах технологид бага хэмжээгээр хүндрэл гарч ирж байгаа. Тиймээс тоног төхөөрөмжийнхөө хүчин чадал баазыг нэмэх хэрэгтэй байна. Энэ талаар Төлөөлөн удирдах зөвлөлөөс олон холбогдох газар, яамдад саналаа тавьчихаад хүлээж байна. Багануур дүүргийн Засаг дарга Д.Эрдэнэбатаас тодрууллаа. -Нүүрснээс шатахуун үйлдвэрлэх технологи манай улсад анх удаагаа нэвтрэх гэж байна. Энэ дэвшилтэт ажлыг дүүргийн засаг захиргаа хэрхэн дэмжиж байгаа вэ? -Багануурын уурхай Багануур дүүрэгтэй нэг амьтай газар. Дүүргийн нутгийн захиргаа, удирдлага Багануурын уурхайтай хамтын ажиллагаатай, нэг зорилгын төлөө явах нь зайлшгүй юм. Сүүлийн үед уурхай руу чиглэсэн олон ажил хийж эхлээд байна. Үүний нэг нь дотоодын эрчим хүчийг Багануурын уурхай бүрэн хангах тухай асуудал. Дотоодыг эрчим хүчийг хангах нь зөвхөн Багануурын төдий асуудал биш. Монгол Улсын хэтийн хөгжлийн тухай асуудал юм. Эрчим хүчний найдвартай, хямд төсөр үнээр хангах, Улаанбаатар хотын экологид сайн нөлөөлөл үзүүлэх ажлын эхлэл тавигдлаа. Улаанбаатарыг эрчим хүчээр хангах ирээдүй Багануурт төвлөрч байгаа гэдэгтэй олон хүн санал нэгдэх байх. Тиймээс агаарын бохирдол, түлш шатахууны үнийн өсөлтөөс салъя гэвэл Багануурын уурхайд түшиглэсэн нүүрс боловсруулах үйлдвэр, уурхайчдын боловсруулаад байгаа төслийг хурдан анхааралдаа авч үзэн шийдвэр гаргах нь цаг үеийн тулгамдсан асуудал. Үүнийг шийдсэнээрээ шингэн түлшээр хангах, нүүрснээс шатахуун үйлдвэрлэх боломж бүрэн нээгдэнэ. Ойрын хоёр жилд нүүрснээс байгалийн хий гаргах бололцоо бүрдэнэ. Дулааны цахилгаан станцууд нүүрс шатаах биш, Улаанбаатар руу хийг татан оруулах нөхцөл бололцоог бүрдүүлвэл агаарын бохирдлыг үндсэндээ шийдвэрлэнэ. -Улс орны хөгжилд түлхэц болох томоохон ажлыг Багануур бие даан шийдвэрлэж хийж эхэлсэн нь сайшаалтай юм? -Багануурын уурхай илэрсэн нөөцөөрөө ч тэр нүүрс боловсруулах үйлдвэр байгуулахад хамгийн тохиромжтой газар. Дэд бүтцийн хөгжил, Нийслэл Улаанбаатар хотыг эрчим хүчээр хангаж байгаагийн хувьд Багануурт энэ асуудал төвлөрсөн. Харин өнөөдөр дулааны тав дахь эх үүсвэр цахилгаан станц барих тухай яриа маш буруу юм. -Цахилгаан станц нэмж барихгүй бол дулаан, цахилгааны хомсдолд орж магадгүй гэж сэрэмжилж байгаа байх л даа? -Зуух руу нүүрс шатаахад хэдий хэмжээний утаа, үнс гарч байгааг тооцох юм бол маш их тоо гарна. Үүн дээр нэмэгдээд дахиад тав дахь дулааны цахилгаан станц байгуулна гэдэг бол байж болшгүй гэж би ойлгодог. Түүн дор орвол Багануурт Монгол Улсын нүүрсний салбарын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлогч байх төслийг хэрэгжүүлж Улаанбаатар руу хийн хоолой татах нь улс эх орны ирээдүйд хамгийн ашигтай байх болно. Ийм зоригтой өөрчлөлт рүү бид явах ёстой. Явцуу, бизнес хөрөнгө оруулалтад баригдсан арга барилаас салах ёстой гэдэг зарчмыг Багануурынхан барьж байгаа. Үйл ажиллагаа нь жигд явж байгаа ашиглаж байгаа үйлдвэрүүдийн ирээдүйн чиг хандлагыг найдвартай авч үзэхгүй бол зөвхөн цаг үеэ аргацаасан шийдвэр цаашдаа хол явахгүй. Улаанбаатарт дулаан цахилгааны эх үүсвэр хангалтгүй байгаа юу гэвэл магадгүй байж болно. Гэхдээ энүүхэн орчны асуудлыг гал унтраах маягаар шийдвэрлэх хэрэггүй. Тав дахь эх үүсвэрийг Улаанбаатарт барих нь буруу шийдвэр гэж үзэж байна. Бид Монгол Улсын ирээдүйд хэрэгтэй том төсөл рүү явах ёстой. Иргэдийн эрүүл мэнд, амьд явах орчинг бүрдүүлэхэд том нөлөө үзүүлэх бодлогын шийдвэр рүү явах цаг болсон. -Шатахуун үйлдвэрлэх ажлыг эхлүүлэхэд бэрхшээлтэй тулгарч байна уу? -Төсөл боловсруулагч, гадны мэргэжилтнүүд ирж шинэ технологийг нэвтрүүлэхэд тусалъя, дэмжье гэж байна. Бид хэдийгээр энд ажлаа явуулж манай улсад хэрэгтэй ажлаа хийе гээд дээшээ уламжлахад бүдгэрдэг. Ялангуяа яам, тамгын газруудад очоод асуудал бүдгэрдэг. Би энэ яам, тамгын газруудыг ямар бодлого явуулаад байгааг ойлгодоггүй. Экологи, эдийн засгийн өндөр ач холбогдолтой төсөл хэрэгжүүлье гэж ярихынхаа оронд нүүрс шатаах зуухны тухай ярьж байгаа дарга нарыг ойлгохгүй байна. Агуулга нь зөв ч агаарын бохирдол бууруулах тухай төслүүд байдаг. Гэтэл үүний хажууд эрчим хүчний найдвартай эх үүсвэрийг хангахын зэрэгцээ давхар агаарын бохирдлыг шийдвэрлэх тухай л яриад байна. Шингэн түлш, шатахууны өсөлтийг харж байгаа өнөө үед бид юунд эхлээд, ашигтай хөрөнгө оруулалт хийх вэ гэдэг гарцан дээр зогсч байна. Нарийн яривал Таван толгой, Оюу толгой хоёроос илүү Монгол Улсын иргэдийнхээ эрүүл ахуйг хамгаалах төсөл өнөөдрийн тулгамдсан асуудал юм шүү. Бэлэн байгаа уурхай дээрээ түшиглэж нүүрс боловсруулах үйлдвэр байгуулах нь зүйтэй.
|